Эрүүл мэндийн сайдын 2023 оны тавдугаар сарын 26-ны А/188 дугаар тушаалаар энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор 10 сартайгаас 8 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар зохион байгуулж буй юм.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэвлэлийн бага хуралд хийсэн мэдээлэлдээ 2022 онд дэлхийн 162 улс оронд улаанбурхан өвчний 172,084 тохиолдол бүртгэгдсэн нь 2021 оны өвчлөлөөс гурав дахин их гэсэн үг бөгөөд 2023 оны эхний таван сарын байдлаар Энэтхэг, Иемен, Сомали, Зимбабе, Пакистан, Этиоп, Индонез, Нигер, Ангола, Конго, Афганистан, Филиппин, Вьетнам, БНХАУ, ОХУ зэрэг дэлхийн 124 улс оронд улаанбурхан өвчний 45256 тохиолдол бүртгэгдэж ихсэх хандлагатай байгааг онцлоод “Дэлхий дахинд улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа улс орны тоо нэмэгдсэн, ялангуяа зүүн Европын улс орнууд, ОХУ, Филллипин, БНХАУ, Энэтхэг улсад өвчлөл ихсэх хандлагатай байгаа нь тархвар судлалын хувьд уг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай.
Монгол Улсын шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу салбар хоорондын байгууллагууд Эрсдэлийн үнэлгээг хамтран хийхэд улаанбурхан өвчин Монголд зөөвөрлөгдөх, тархах эрсдэл “өндөр” гэж үнэлэгдсэн.
Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолд эхний үед өвчлөл алаг цоог хэлбэрээр бүртгэгдэн, улмаар дархлаажуулалтад хамрагдах нас хүрээгүй 0-8 сартай хүүхэд, цартахлын улмаас улаанбурханы эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаагүй хүүхэд болон дархлааны түвшин харьцангуй сул байгаа 10 сартайгаас 8 насны хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй учраас үндэсний товлолт вакцинаас ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад цаг алдалгүй хамруулах, мөн энэ сарын 29-нөөс эхлэн арав хоногийн хугацаанд арван сартайгаас 8 настай бүх хүүхдийг улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон” хэмээн нэмэлт дархлаажуулалтын талаар тодорхой мэдээлэл өглөө.
Манай улсад 1973-1989 онд улаанбурхан өвчний нийт 58,981 тохиолдол бүртгэгдэж 3-4 жилийн зайтай дэгдэлт гарч байсан бол 1989 оноос хойш 1992,1995, 2000-2002, 2015-2016 онд нийт дөрвөн удаагийн дэгдэлт гарч байсан.
Хэвлэлийн бага хуралд оролцсон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Др.Сокорро Эскаланте улаанбурхан, улаанууд өвчний зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөртэй байгаа тохиолдолд эрүүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчний тандалтыг цаг алдалгүй сайн хийхэд нэн шаардлагатай лабораторийн хүчин чадлыг сайжруулахад анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн юм. Цар тахлын жилүүдэд дэлхийн улс орнуудад заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн тоо, хамрагдалтын хувь буурсан, улмаар зарим оронд товлолт вакцинжуулалтын үйл ажиллагаа зогссон зэргээс үүдэлтэй тарилгатай халдварт өвчин түүн дотроос халдварлалтын зэрэг маш өндөртэй улаанбурхан өвчний дэгдэлт вакцинд хамрагдаагүй хүн амын дунд бүртгэгдэж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч төлөөлөгч Эваристе Коуаси Комлан олон улстай харьцуулахад дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийн тоо харьцангуй цөөн хэдий ч улаанбурхан хаалга тогшиж буй энэ цаг үед хаа хаанаа онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг хэлээд 2019 оны дэгдэлтийн эсрэг Хүүхдийн сан ЭМЯ-тай үр дүнтэй хамтран ажиллаж чадсаны үр дүнд улаан бурхан өвчнөөс олон хүүхдийг хамгаалж сэргийлж чадсан туршлагадаа үндэслэн энэ удаад ч мөн вакцины хангалт, дархлаажуулалт хийх орчин нөхцөл, хяналтыг сайжруулах, вакцины хүйтэн хэлхээг дэмжихэд онцгой анхаарч Хүүхдийн сангийн санхүүжилтээр нэмэлт дархлаажуулалтад шаардлагатай 450 мянган ам.долларын үнэ бүхий вакциныг Монголд оруулж ирснийг дуулгалаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн тав хүртэлх насны хүүхдийн өндөр тунт А аминдэмийг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд түгээж байгаа юм байна.