Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Хяналтын Зөвлөлийн гишүүн, эдийн засагч Г.Хонгортой ярилцлаа.
1992 оны Үндсэн хуульд нэгэн ноцтой гэж хэлж болохоор үйл явдал болсон байдаг. Тэрийг хөндөхгүйгээр өнөөдрийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ач холбогдолтой болж чадахгүй. Гучхан жилийн өмнө болсон үйл явдлыг хэд нь санаж байгаа юм. Төрийн ой санамж бол чухал зүйл.
-Улс төрийн хийгээд нийгэм, эдийн засгийн хамгийн том хөндөгдөж байгаа сэдэв бол ҮХНӨ. Та ҮХНӨ-тэй холбогдуулж иргэний хувьд өөрийн байр сууриа илэрхийлээч?
-Монгол Улсын ҮХНӨ-ийн асуудлыг нийгэм даяараа хэлэлцэн шуугьж байна. Энэ асуудлыг бүрэн дүүрэн гүнзгий чанартай хэлэлцэж шийдвэрлэхийн тулд 1992 оны Үндсэн хуульд нэгэн ноцтой гэж хэлж болохоор үйл явдал болсон байдаг. Тэрийг хөндөхгүйгээр өнөөдрийн ҮХНӨ ач холбогдолтой болж чадахгүй. Тэр бол Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-р зүйлд “агаар мандал” гэсэн зүйл заалтыг орхигдуулсан.
-6.2 дээр чинь газрын хэвлий, газрын тухай дурдсан байдаг байх аа?
-Тийм. 6.2-рт “Ой мод, ус, ан амьтан, байгаль, газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч” гээд заасан байдаг. Энэ дотор нэг чухал өмч хөрөнгийг орхигдуулсан. Тэр бол агаар мандал. Агаарын орон зай. Агаар мандал гэхээр тэр бүр хүн ойлгодоггүй.
-Гарт баригддаггүй, нүдэнд үзэгддэггүй…?
-Яг тийм. Агаар мандал гэсэн зохицуулалт бүхий зүйл заалтыг 1992 оны Үндсэн хуульд орхигдуулаад, сөрөг үр дагавар нь хоёрхон жилийн дараа буюу 1994 онд Айбекс-Моламын гэсэн нэршилтэй хэрэг гарсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц дээр энэ хэргийг хянан шийдвэрлээд үүний үр дүнд нь тухайн үед П.Жасрайгийн Засгийн газар огцрох дээрээ хүртэл асуудал хурцадсан байдаг.
Үүнээс хойш бараг 28 жил өнгөрлөө. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй.
Агаарт ингээд дүүжлэгдээд л явж байна. Өнөөдрийн ҮХНӨ-ийг нэгэнт л хийх гэж байгаа тохиолдолд өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан, шийдвэрлээгүй асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой гэж би хувьдаа үзэж байна. Энэ бол нэг талаасаа Монгол Улсын тусгаар тогтнолын нэг үндсэн баталгаа болсон дархан хилийг баталгаажуулж байгаа явдал.
-Хөрсөн дээр бол хилээ зааглаад шон босгоод дархан хилээ баталгаажуулдаг?
-Тусгаар тогтнолын нэг баталгаа бол улсын хил. Улсын хилийг бид нар нүдээрээ үзэж харж болдог газар шороогоор нь төсөөлж, ойлгодог. Гэтэл энэ дархан хил маань газар нутгаасаа гадна агаар мандалд үргэлжилж, хязгаарлагддаг юм байна л даа.
-Агаарын хил гэж байгаа шүү дээ?
-Агаарын хил, орон зай, мандал. Ялангуяа шинжлэх ухаан, техник, технологи эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үед ач холбогдол нь улам их нэмэгдэж байна. Юу вэ гэвэл, агаарын орон зай гэдэг бол радио долгион давтамж, сансрын уудам орон зайн хил хязгаар.
Энэ бол ялангуяа манайх шиг өргөргөөрөө сунасан газар нутагтай Монгол Улсын хувьд нэн ач холбогдолтой.
Тэгээд энийг чинь 1994 онд харийн гүрний нэр бүхий Айбекс-Молам гэдэг консорциум компани Монгол Улсын агаарын орон зайг 90 жилийн хугацаатай өөрийнхөө эзэмшилд авах гэж байсан байгаа юм. Тэр хэрэг нь Үндсэн хуулийн Цэц дээр очиж шийдвэрлэгдэж, Монгол улс арай гэж агаарын орон зайгаа харийн нэг компанид өгчхөөгүй.
-Санаархал байж. Агаарын орон зайг өмчилж болдог, эдийн засгийн эргэлтэд оруулж болдог, ач холбогдолтой гэдгийг 1992 онд хөндөж байжээ?
-Тийм учраас тухайн үед яагаад Үндсэн хуульд ийм чухал өмч хөрөнгийг орхигдуулсан, ийм нэгэн төрлийн хулгай нүүрлэсэн юм бэ гэдэг зүй ёсны асуулт урган гарч ирж байна. Тэгэхдээ өнөөдөр энэ ҮХНӨ-ийг нэгэнт хөндөж байгаа энэ орон зай, цаг үед өнгөрсөн хугацааныхаа алдааг залруулъя.
-Боломжтой юу?
-Боломжтой байлгүй яах вэ. Одоогийн УИХ өнөөдрийн хулгайны асуудлыг өдөр бүр ярьж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийнхаа энэ алдааг засаж залруулах түүхэн хариуцлагатай үүрэг ноогдож байна. Тэгж гэмээнэ энэ УИХ өнөөдрийн нийгэмд нэр хүнд нь унасан байдлаа засаж залруулах түүхэн боломж ч гэж хэлж болохоор.
-Агаарын орон зайг өмчлөх тухай асуудлыг энэ олон жил хэн ч сөхөөгүй, маш олон жил явж ирсэн. Одоо ҮХНӨ-өөр гишүүдийн тоог нэмэх тухай асуудлыг хөндөж ярьж байгаагаас биш өөр бусад алдаа дутагдал гэсэн зүйлийг ярихгүй байна. Гол нь яагаад өнөөдрийг хүртэл хэн ч энэ талаар дуугарсангүй вэ?
-ҮХНӨ-өөр эдийн засгийн агуулгатай нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд зайлшгүй тусгах шаардлагатай. Эдийн засгийн утга агуулга талаас нь харвал Монгол улс далай шиг асар их баялагтай. Энэ агуу их баялгийг ард түмэндээ хүртээмжтэй, бүх нийтэд хүртээхийн тулд Үндсэн хуульдаа холбогдох зүйл заалтыг нь нэг бүрчлэн ёсчлон, тунхаглан баталгаажуулах ёстой. Үүний хамгийн эхний шат нь энэхүү өвөрмөц өмч хөрөнгийг Үндсэн хуульд тусгаж баталгаажуулах талаар миний бие хөндөж байна.
Агаар мандал, түүний орон зай. Энэ агаар мандал 30 жилийн өмнө буюу картын бараатай, саванг хүртэл картаар олгодог байсан тэр цаг үед ямар ч ач холбогдолгүй байсан байж болох.
Харин дараагийн 30 жил гэхэд энэ агаар мандал чинь магадгүй эн тэргүүний чухал тийм сэдэв болохыг үгүйсгэхгүй.
Монголын хөх тэнгэр хэний эзэмшлийнх вэ! Монголынх мөн гэдгийг юугаар баталгаажуулах вэ? Эцэг хуульдаа тусгаагүй. Газар доор байгаа шавхагддаг баялгаа л тусгасан. Газрын хэвлий дэх баялаг, ой мод, ан амьтан, ус. Магадгүй хэдэн жилийн дараа харийн хүнд мөнгө төлдөг болохыг ч үгүйсгэхгүй. Агаарыг худалдаж авдаг уран зөгнөлт кино байдаг шүү дээ. Амаа цангах үед л худаг ухдаг энэхүү сэтгэлгээнээс ангижрах хэрэгтэй. Дараагийн 50-100 жилээр ирээдүйгээ хармаар байна.
Бид нар нүдэндээ үзэгддэг, гартаа баригддаг өмчийг өмч гэж үздэг бол нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах оюуны өмч, түүх соёл, дээд үеэс уламжлагдаж ирсэн байгаль цаг агаар, уур амьсгалаа өмч хэмээн үзэх учиртай.
1994 онд Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хоёрхон жилийн дараа л “ноцтой, хулгай дээрэм”-ийн шинжтэй үйлдэл хийгдсэн. Тэр үед Монголын заяа түшиж Үндсэн хуулийн Цэц сайн ажиллаж чадсан учраас бид нар агаарын орон зайтайгаа үлдсэн.
Үндсэн хуулийн эдийн засгийн агуулгатай, ач холбогдолтой энэхүү зүйл заалтыг одоо бүх нийтээрээ хэлэлцээд нэн тэргүүнд Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй. Гишүүдийн тоог нэмэх, хасах гэдэг асуудал бол дараачийн асуудал.
Эх орныхоо баялгийг ард иргэддээ хүртээмжтэй хуваарилах асуудал нэн чухал байна. Тэр суурийг Үндсэн хуульдаа тусгахад бид нар нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгарах нь дамжиггүй. Гэхдээ эхний алхмаа хийх хэрэгтэй. Энэ асуудлыг 2019 онд орон даяар өрнөсөн ҮХНӨ-ийн хэлэлцүүлгийн үеэр хөндөж байсан.
Тухайн үед “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс чухал санааг хөндлөө. Танд талархлаа” гэсэн утга бүхий албан бичиг ирүүлсэн байдаг. Миний бие энэхүү санааг өргөн олны сонорт дахин хүргэе.
Өнөөдөр төр, ард түмнийг төлөөлж байгаа эрхэм гишүүдэд энэ асуудлыг онцгойлон анхааралдаа авч Үндсэн хуульд тусгуулах талаар шийдвэртэй арга хэмжээг авч өгөх саналыг уламжилж байна.
-Бид агаарын орон зайгаа өмчилж авахын тулд хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагатай юу?
-Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэн орж бүрэн эрхт гишүүнээр бүртгэгдсэн. Монгол улсын дархан хил, тусгаар тогтнол баталгаажсан. Тийм учраас туурга тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын хувьд дутуу байгаа зүйлээ, алдаагаа 30 жилийн дараа олж харчихаад түүнийгээ засъя, залруулъя л гэж байна. Үүнийгээ 3.4 сая иргэдийнхээ дунд бүх нийтээрээ хэлэлцээд “орхигдсон” өмчөө бүртгэж баталгаажуулъя.
Манай улс олон улсын гэрээ эрх зүйн төвшинд өөрийнхөө улс орны язгуур эрх ашгийг, тусгаар тогтнолын баталгааг бүх төвшинд нь хангах ёстой. Хуурай газар нутгийн орон зайн хэмжээнд болон агаар мандал дээр ч тэр.
-Үндсэн хуульд энэ өмчийг тусгаснаар иргэдэд үр өгөөж нь хэрхэн тусах вэ? Бид нар газрын хэвлийн баялгийн үр шимээ хүртэж чадахгүй л байна. Үндсэн хуульд тусгагдсан ч ялгаагүй. Үүнтэй адил хэн нэгний “идэш, хоол” болох эрсдэл юу?
-Үндсэн хуульд Баялгийн сангийн зохицуулалтыг сайтар тусгаж өгөх шаардлагатай. 3.4 сая иргэн идэвхтэй амьдралынхаа хугацаанд байгалийн баялгаас юу хүртэх ёстой юм, Монгол улсын иргэн ажиллаж, амьдарсныхаа төлөө ямар үр шимийг хүртэх ёстой юм гэдгийг Үндсэн хуулийн зохицуулалтаар, эдийн засгийн утга агуулгатай зохицуулалтаас ихэд хамааралтай. Үндсэн хуульд ганцхан үг, өгүүлбэр ороход л бидний амьдралын чанар чансаа гарын алга урвуулж байгаатай адил өөрчлөгдөнө.
Агаар мандал, түүний орон зайг Үндсэн хуульд тусгаснаар тэрхүү агаар мандлаар зорчиж байгаа радио давтамж, агаарын хөлгүүд, сансар огторгуйн орон зайгаас олж болох аливаа орлого Үндэсний баялгийн санд төвлөрөх нөхцөл бүрдэнэ.
Эзэнгүй өмчийг бүх ард түмний мэдэлд шилжүүлэх явдал юм.
-Та урьд өмнө огт хөндөгдөж байгаагүй, яригдаж байгаагүй сэдвийг хөндөж байна?
-Ой санамж тэр дундаа төрийн ой санамж маш чухал юм. Төрийн албан хаагчдын, төрийн албаны залгамж чанар, тогтвортой байдал алдагдсаны улмаас 30 жилийн өмнө болсон үйл явдлыг хэд нь санаж байгаа юм! Одоо ингээд асуудлыг судлаад үзэхэд ямар чухал асуудал Үндсэн хуулийн хулгай явагдсан юм бэ! гэж халаглахаар.
Тэрхүү хулгайн үр дагавар хэрхэн илэрч буйг одоо л ойлгож хүлээн авах цаг нь гэж үзэж байна.
Энэ мэдээллийг ард түмэнтэйгээ хуваалцаж, нийт ард иргэдийнхээ сонорт хүргэж байна. УИХ-ын гишүүд улс, эх орныхоо эрх ашигт нийцсэн бодлого үйл ажиллагааг явуулж, арга хэмжээг авч Үндсэн хуульд гар хүрээсэй билээ гэж ихэд хүсдэг дээ.