"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын уурхайн ажилчид өнөө өглөөний 07:00 цагаас эхлэн АЖИЛ ХАЯЛТ зарлаад байна. Тодруулбал,
Цалинг 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Түүнчлэн, өмнө нь үйлдвэрийн ажилчид тэтгэвэрт гарсны дараа тэдгээрийн үр хүүхдүүд үргэлжлүүлэн ажилладаг байжээ. Үүнийг шинээр томилогдон очсон Г.Ёндон дарга нь цуцалсан тул уг журмыг сэргээхийг шаарджээ.
Сануулахад, өнгөрсөн оны наймдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар УУХҮ-ийн сайд асан Г.Ёндонг тус үйлдвэрийн даргаар томилсон байдаг.
Монгол Улсын "саалийн үнээ" гэгддэг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль зөрчин хувьчилсан гэдэг нь тогтоогдсон тул 2017 онд төрийн мэдэлд бүрэн авсан. "Хувьд байх хугацаанд буюу 2016 онд тус үйлдвэр улсын төсөвт 184 тэрбум төгрөг татварт хураалгадаг байсан бол 2019 онд 962 тэрбум, 2022 онд 1,8 их наяд төгрөг төвлөрүүлсэн" гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллах үеэрээ онцолсон.
Ингэж ашигтай ажиллаж, "УЛСЫН ТӨСӨВ"-т их хэмжээний хөрөнгө төвлөрүүлсэн байгууллагынхан яагаад "хагаралдах" болов?
Хэрвээ Г.Ёндон ажилчдынхаа шаардлагыг хүлээж авахгүй бол нэг сарын хугацаанд 470 гаруй тэрбум төгрөг орлого тасрах урьдчилсан тооцоолол гарчээ. Харин шаардлагыг хүлээж авбал үйл ажиллагааны зардал нь нэмэгдэж, хүний нөөцийн бодлого нь алдагдах эрсдэл тулгарч Г.Ёндон "хавчигдаж" эхлээд байна.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC