ХБНГУ-ын Бундестаг эдүгээ түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр буюу 736 гишүүнтэйгээр ажиллаж байна. Тус улсын хууль тогтоох байгууллага Бундестагийн сонгуулийн эрх зүйд яг хэдэн гишүүнтэй байхыг тодорхой заагаагүй бөгөөд үүнд шинэчлэлт хийж, гишүүдийн тоог 630-аас хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл боловсруулаад байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оноос Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн өргөжиж, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэх 126 гишүүнтэй болно. Үүнтэй холбогдуулан хийх шинэчлэлтийн талаар судлах, туршлага солилцох зорилгоор Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан тус улсад ажиллалаа. Тэрбээр Рейхстаг болон Бундестагийн Байнгын хороодын ордонд зочилж, ХБНГУ-ын төрийн тогтолцоон дахь парламентын үүрэг, бүтэц, үйл ажиллагааны талаар судлав.
Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Михаэл Шөфер Европын Холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэж буй бөгөөд уг сонгуульт ажлынхаа шугамаар эзгүй байсан тул түүнийг төлөөлөн Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Ланг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг хүндэтгэн угтав.
Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 33 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, Монголын хууль тогтоох дээд байгууллагын бүтцээр дамжуулан Төрийн тогтолцоонд хийж буй шинэчлэлт, түүний зорилго, хүлээгдэж буй үр дүн болон бэлтгэл ажлын талаар товч танилцуулав. Үүний хүрээнд төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, хадгалахад гарч буй сорилт, туршлагыг судалж, мөн төсвийг төлөвлөх болон батлах явцад гарч буй өөрчлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар Герман болон парламентат ёс өндөр хөгжсөн бусад улс орнуудаас суралцах, Тамгын газрын үйл ажиллагаа, мэргэжил, арга зүйн чадавхыг дээшлүүлэх, техник, зохион байгуулалтын өөрчлөлтийг хугацаа алдахгүй хийх шаардлага тулгарч буйг тэрбээр дурдлаа.
Бундестагийн 20 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр хамгийн олон гишүүний бүрэлдэхүүнтэй парламент бүрдсэнийг хэрхэн цөөрүүлэх, хязгаар тогтоох талаар ид яригдаж, үүний хүрээнд төрийн байгууллын уламжлалт харилцаа, хандлагыг өөрчлөн шинэчлэх бодлогын зорилтуудыг хэрэгжүүлж буй энэ үед Монгол Улсын Их Хурал бүтэц бүрэлдэхүүнээ өргөжүүлж, парламентын төлөөлөх чадамж, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх шинэчлэлтийг эхлүүлж байгаа нь харилцан сорилт, туршлагаа солилцох боломж бүрдүүлж буйг Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан тэмдэглэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нар Бундестагийн болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын хэрэгжилт, тэдний ажлын албаны төсөв, намын болон намын бүлгийн санхүүжилт, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндөн ярилцав. Дэд дарга Рут Ланг Бунтестагийн захиргааны туршлагыг судлахаар ирсэнд нь талархал илэрхийлж, Ерөнхий нарийн бичгийн даргын хөндсөн асуудлуудад тодорхой хариулт өгсөн юм. Ажлын албаа санхүүжүүлэх төсвийг Бундестагийн гишүүдэд тус бүрд нь баталж олгодог бөгөөд тухайн төсвөөрөө хэчнээн хүнийг, хэрхэн ажиллуулахаа гишүүд өөрсдөө шийддэг байна. Түүнчлэн Бундестагийн гишүүн аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдолд гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах боловч шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл түүний болон ажилтнуудынх нь цалин хангамж хэвийн үргэлжилдэг аж. Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд л бүрэн эрхийг нь хүчингүй болгох хуультай бөгөөд Бундестагийн түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй юм байна.
Эдүгээ Бундестагт маш олон гишүүн сонгогдон орж ирсэн учир тэдний харилцааны болон ёс зүйн дүрмийг шинэчлээд байгаа талаар хатагтай Рут Ланг танилцуулж, гишүүдийн халдашгүй байдал бол хувь хүний бус парламентын халдашгүй байдал гэсэн агуулгад зангидагддаг талаар ярьсан юм. Тэрбээр, парламентын гишүүдийн үйл ажиллагааг сайжруулахын тулд тэдний ажлын албаны албан хаагчдыг бүх талын чадавхжуулах сургалтыг тогтмол явуулдаг тухай дурдаж, сургалтын хөтөлбөр болон агуулгыг хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.