Даваа гарагт болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар "ХҮҮХДИЙН" мөнгийг хүүхэд бүрт олгох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгө олголтод хэрхэн өөрчлөлт оруулах талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-МАН-ын бүлгээс Засгийн газарт хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох чиглэлийг өгсөн. Энэ асуудлыг Засгийн газар хэзээ хэлэлцэх вэ?
-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохын тулд төсөвт тодотгол хийх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар энэ асуудал яригдаагүй байна. Гэхдээ 100 хувь олгох боломж бий.
-Уг нь "хязгаарлая" гээд өнгөрсөн оны есдүгээр сард 91 хувьд нь олгохоор болсон шүү дээ?
-Тийм ээ. Олон нийт зөвөөр ойлгох хэрэгтэй. Тухайн үед төсвийг өргөн мэдүүлэхэд нөхцөл байдал өөр байсан.
Валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болоод буурчихсан, оны төгсгөлд 1.7 тэрбум руу буурах ч эрсдэл байлаа. Тэр бүү хэл, ОУВС-гийн хөтөлбөрт ч орох асуудал үүсэж байсан шүү дээ. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд амаргүй, олон хүний дургүйг хүргэсэн "ХАТУУ" арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн.
Үүний үр дүнд валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрч, томоохон бондуудын төлбөрийг хугацаанд нь төлж, дахин санхүүжүүлэх эрхийг авсан гээд олон "ЭЕРЭГ" үзүүлэлт гарч байгаагаас шалтгаалж, "боломжтой" гэж байгааг та бүхэн ойлгох нь зүйтэй. Гэхдээ бид "хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж", орлого сайтай хэсэг нь бүсээ "чангалах" шаардлагатай байна.
© 2013-2021