Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтын 1.2.5-д “төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох;”, 1.2.6-д “төрийн нийтийн өмчийг зохистой ашиглах, зарцуулахад тавих хяналтыг боловсронгуй болгох” гэж тодорхойлсон.
Төрийн аудитын тухай хуулийн шинэчлэлээр төрийн нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Мөн төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам тодорхой болж, төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд хамаарахгүй чиг үүргийг төрийн аудитын байгууллагад бусад хуулиар нэмэгдүүлэхгүй байх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн юм.

Түүнчлэн төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх асуудлыг Үндэсний аудитын газрын цахим хуудаст байршуулж, олон нийт, иргэд нээлттэй танилцах боломжтой болсны зэрэгцээ аудитын байгууллагын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргээрээ онцлогтой юм.
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Бага хурлын үеэр хэлсэн үгэндээ, Улсын төсвийн орлого, зарлагад хяналт тавих, төрийн санхүү, төсвийн хяналт (аудит)-ыг хараат бусаар хэрэгжүүлэх, түүний хараат бус байдлыг хангах, төрийн бодлого хяналттай, бодитой хэрэгжих хууль, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлсэн. Төрийн аудитын байгууллага нь иргэд, олон нийт, УИХ-ыг бодит мэдээллээр хангаснаар сайн засаглалыг дэмжиж, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэрэгжилтэд дэмжлэг болохыг онцлов.
Мөн төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлснээр төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг төгөлдөржүүлэх, төсөв татвар төлөгчдийн бүрдүүлсэн хөрөнгийн талаарх мэдээллийг иргэдэд бодитойгоор хүргэх боломж бүрдэхийн зэрэгцээ, төрийн аудитын байгууллагын бие даасан хараат бус байдал, баталгаа хангагдана. Тиймээс цаашид төрийн аудитын байгууллага хуулийн өнөөгийн шинэ орчинд нийтийн эрх ашгийн төлөө иргэдийнхээ амьдралыг сайжруулах стратегид чиглэсэн төрийн аудитыг гүйцэтгэх буюу төрийн санхүү, төсвийг хяналтыг хэрэгжүүлэхдээ өнөөгийн эрх зүйн орчны шинэчлэл, стратегийн хүрээнд “хөгжлийг дэмжсэн стратегийн аудит”-ыг гүйцэтгэхийн чухлыг тэмдэглээд хөгжлийн баримт бичгүүдийн төлөвлөлт рүү чиглэсэн аудитыг шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлага байгааг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт илтгэлдээ дурдсан юм.