Өнөөдөр жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх Үндэсний өдөр” болгосноос хойш 6 дахь удаагаа ЦССҮТ, МУЗН, JCI Mонгол, JCI Капитал салбар байгууллагатай хамтран тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдрийн гол зорилго нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг сурталчлах, ард иргэд тогтмол хугацаанд цусаа бэлэглэх ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршдог. Уг арга хэмжээний хүрээнд 200 удаа цусаа бэлэглэсэн “Топ донор”-оор Д.Эрдэнэчулуун, 2021 онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн донороор Э.Нандинцэцэг, С.Хүрэлбаатар нар тодорлоо. Мөн 70-аас дээш өгөлттэй Д.Ган-Очир “Хүрэл донор”, 100-аас дээш өгөлттэй Б.Үүрийнтуяа “Мөнгөн донор”, 150-аас дээш өгөлттэй Ц.Батбаяр “Алтан донор”-оор тус тус өргөмжиллөө. Бахархал 10 тэмдгээр Б.Билгүүн, Бахархал 20 тэмдгээр Ш.Жанболат, Бахархал 30 тэмдгээр Ш.Наранцэцэг, Бахархал 40 тэмдгээр Г.Батболд, Бахархал 50 тэмдгээр Ц.Батболд нар тус тус шагнагдлаа.
Түүнчлэн донорын үйлсийг манлайлан оролцсон байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулан алдаршууллаа. 2021 оны тэргүүний “Донор хамт олон”-оор ЗХ-120 анги, “Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч байгууллага”-аар Монос ХХК, тэргүүний “Донор элсүүлэгч байгууллага”-аар БЗД-ийн УЗДҮХ-ны дэргэдэх ЗУЗ тус тус тодорлоо. МУЗН-ийн Энэрэнгүй үйлстэн одонгоор Э.Энхдэлгэр, Нигүүлсэл Алтан медалиар Д.Төгөлдөр, Нигүүлсэл Мөнгөн медалиар Х.Чулуунцэцэг, Н.Энхзаяа, Шилдэг залуу медалиар Ө.Мягмардорж нар тус тус шагнууллаа.

Энэхүү үйл ажиллагааг тохиолдуулан 2021 онд цусаа тогтмол өгсөн байнгын доноруудад онооны урамшууллын гарын бэлгийг гардууллаа.
ЦССҮТ нь 2009 оноос JCI Mонгол, JCI Капитал салбар байгууллагатай сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр 13 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 онд байнгын донорын тоог нэмэгдүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны донорыг алдаршуулах чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Хүмүүнлэгийн үйлс дэлгэрэх болтугай
Like
1
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
