ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Зөвшөөрлийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ-аас энэ оны зургадугаар сарын 17-нд зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. Уг хууль нь ирэх нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Зөвшөөрлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан УИХ-ын 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар тогтоолоор зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан.
Зөвшөөрөл олгох харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн зөрчил давхцалыг арилгах хүрээнд зөвшөөрлийн тухай Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 89 төсөл, нэг УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг боловсруулахад холбогдох яам болон Төрийн захиргааны байгууллага болон зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд буюу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн мэргэжлийн байгууллагатай хамтран ажилласан. Хууль хоорондын зөрчлийг арилгах хүрээнд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан” хэмээн онцоллоо. Үүнд:
1. Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл олгох сунгах болон цуцлахаас гадна шийдвэр гаргах ажиллагааны үе шат, явцын талаарх мэдээллийг ил тод нээлттэй түгээх. Иргэдэд мэдээллийг цахим хэлбэрээр нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх талаар эрх бүхий этгээдийн үүргийг тодруулсан нэмэлт зохицуулалтыг тусгасан.
2. Зөвшөөрлийн зорилго эрсдэлийн түвшинг харгалзан тавигдах шаардлагыг стандартчилж заавал мөрдүүлэх нөхцөлийг хангах зорилгоор стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан.
3.Зөвшөөрөл олгох сунгахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн зорилгыг харгалзан урьдчилан төлсөн байхыг шаарддаг.Зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг өөрчилж холбогдох зохицуулалтыг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тусгажээ.