Өнгөрсөн жил “Ковид-19” цар тахлын улмаас бүх шатны сургуулиудын танхимын үйл ажиллагаа зогсож, хичээл сургалтын хөтөлбөр цахим хэлбэрт шилжсэн. Тэгвэл “Үндэсний статистикийн хороо”-ноос гаргасан судалгаагаар 2020 онд тухайн хичээлийн жилийн сургалтын нийт хугацаанд 47 хувьд нь цахимаар хичээллэсэн бол 2021 онд аймаг, орон нутагт 62 хувь, нийслэлд 68 хувьтай тэнцэхүйц хугацаанд зайнаас хичээллэсэн гэх судалгаа гарчээ.
Цахим хичээлээ үзэж чадахгүй 100 мянга орчим сурагчаас 13 мянга гаруй нь ухаалаг төхөөрөмжгүйн улмаас цахим хичээлээ үзэж чадахгүйд хүрсэн байна.
Иймд JCI Капитал салбар байгууллагын “Good Luck” төсөлд JCI Монгол байгууллагын бусад салбар байгууллагууд хамтран онлайнаар хичээлээ үзэж чадахгүй, хичээлийн хоцрогдолд орсон сурагчдад зориулж компьютерын хэрэгслүүд хандиваар цуглуулж, бэлэглэх аяныг санаачлан хэрэгжүүлж байна.
“Good Luck” төсөлд JCI Капитал болон бусад салбар байгууллагын 58 гишүүн, гурван компани хандив өгч, нийт 100 орчим цахим хэрэгслийг хандивлахаар болжээ. Уг төсөл нь 2021-2023 он хүртэл хэрэгжих бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн зорилтод сурагчдыг хамруулаад байгаа юм. Тэгвэл төслийн хүрээнд 63 ширхэг зөөврийн компьютер, 27 ширхэг суурин компьютер, 9 ширхэг таблет, хоёр хэвлэгч төхөөрөмж, хоёр интернэт төхөөрөмж хандиваар цугларсан байна.
Харин энэ сарын 29-ны өдөр Сүхбаатар дүүргийн зорилтот бүлгийн 11 сурагчдад зөөврийн компьютер гардуулан өгөхийн зэрэгцээ хүүхдүүдэд хэрэгтэй хичээлийн программыг суурилуулж өгсөн байна.

Уг төсөл нь Сүхбаатар дүүргээс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд цаашлаад Баянзүрх дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн зорилтод сурагчдад хүрч ажиллахаар төлөвлөж байгаа юм. Түүнчлэн тус аяны хүрээнд “Номгон” ахлах сургуулийн кабинет тохижуулахад дэмжлэг үзүүлэн 27 ширхэг суурин компьютерыг “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагад хүлээлгэн өгчээ.


.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

